БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 49-р тогтоолоор “Барилгын техник мэргэжлийн 5-р дунд сургууль” нэртэйгээр анх байгуулагдаж, түүхэн хөгжлийн явцад “Үйлдвэр сургалтын барилгачин төв”, “Барилгын шаталсан сургалттай мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв”, “Техник технологийн коллеж”, “Техник технологийн политехник коллеж” “Техник технологийн дээд сургууль”болон өргөжсөн.
Манай сургууль байгуулагдсан цагаас барилга, дэд бүтцийн салбарт 19.000 гаруй төгсөгчийг ажил, хөдөлмөрт бэлтгэж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 88 хувьтай мэргэжлээрээ манлайлан ажиллаж байна.
Бид сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд “Техник технологийн салбарт үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх” эрхэм зорилго дэвшүүлэн МУ-ын Засгийн газраас зарласан төсөл, хөтөлбөрүүдэд санаачилгатай оролцон 2013 онд Монгол yлсын “Барилгын мэргэжлийн жишиг сургууль”, 2018 онд Мужааны мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн үнэлгээ, баталгаажуулалт, мэргэшүүлэх сургалтын “Чадамжийн төв”-ийг байгуулж, ижил түвшний сургуулиудаа хошуучлан ажиллаж байна. Манай сургуулийн суралцагчид эх орноо төлөөлөн 2015, 2017, 2019, 2022 онуудад “Дэлхийн ур чадварын” тэмцээнд гагнуур, мужаан, тогооч, сантехникийн мэргэжлийн чиглэлээр амжилттай оролцож, Монгол улсад анхны медалийг авчирч байсан юм.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн дэмжлэгээр 2013 оноос хойш төрөлжсөн чиглэлээр Чадамжийн төвийг бий болгох, хөгжүүлэх цогц төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Чадамжийн төвийн менежмент, чанарын тогтолцоо бүрдэж, багшийг үе шаттай хөгжүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах сургалтын хөтөлбөр, гарын авлага цахим, интерактив хэлбэрээр боловсруулагдаж, сургалтыг зохион байгуулах сургагч багш нар бэлтгэгдсэн.
Мөн дээрх төслийн дэмжлэгтэй Монгол улсад анх удаа Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг бэлтгэх тогтолцооны нэг хэсгийг бүрдүүлж E011441 Багш, мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын хөтөлбөрийг шинээр нээж, сургалт эрхлэх эрхээ
баталгаажуулан үйл ажиллагааг явуулж байна.
Ази номхон далайн бүс нутгийн техникийн болон мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага (APACC) -р сургалтын байгууллагын түвшинд хөндлөнгийн үнэлгээг 2 удаа хийлгэж, 2014 онд “Мөнгөн зэрэглэл”-д, 2019 онд Монгол улсад анх удаа “Алтан зэрэглэл”-д магадлан итгэмжлэгдэж чанараа баталгаажуулсан. Өдгөө 39 дэх хичээлийн жилдээ дээд боловсролын бакалавр, магистрын түвшний хөтөлбөрөөр шаталсан сургалтын үйлчилгээг тасралтгүй хүргэж, ирээдүйд нэн хэрэгцээ, шаардлагатай барилга, дэд бүтэц, хүнс үйлдвэрлэлийн салбарын сургалтын хөтөлбөрөөс гадна мэдээлэл харилцаа, технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлийн сургалтын хөтөлбөрийг шинээр нэмэх, олон улсад хүлээн зөвшөөрөгрдөх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Техник технологийн дээд сургуулийн Суралцагч байгууллага хамт олон бид 2021-2025 оныг дуустал хэрэгжүүлэх таван жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг STEM, SWOT, PESTEL зэрэг шинжилгээг ашиглан боловсруулж сургуулийн хөгжлийн зорилгоо дараах таван чиглэлд тодорхойлсон.
Нэгт, сайн багшийг татах, тогтвор суурьшилтай ажиллах, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх. Үүний тулд, хүний нөөц, нийгмийн баталгааг хангасан цогц хөтөлбөр боловсруулах.
Хоёрт, сургалтын хөтөлбөрөө тасралтгүй сайжруулан шинэчилж, бусдаас ялгарах, өөрийн гэсэн онцлогийг бий болгох, мөн шаталсан хөтөлбөрүүдээ өөр хооронд нь илүү уялдуулж, залгамж холбоог нь хангахад анхаарах.
Гуравт, оюутнууд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг учир суралцах таатай орчныг бий болгох, улам бүр сайжруулах.
Дөрөвт, хамтын ажиллагаа, түншлэлээ бүхий л түвшинд хөгжүүлэх. Тавдугаарт, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулж, насан туршийн боловсролын үнэ цэнийг нэмэгдүүлэх, байнга суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд санаа нэгдэн, зориг эрмэлзэл дүүрэн байна.
Ирээдүйдээ зорилготой, хүсэл эрмэлзэл дүүрэн хэн бүхэнд манай хаалга үргэлж нээлттэй. Та тавтай морилно уу.
Бид шинийг санаачлагч, манлайлагчид байна.
Бид техник, технологийн хөгжлийг бүтээгчид байна.
Бид насан туршийн суралцахуйг дээдлэгчид байна.
Хүндэтгэсэн
Захирал. Профессор Ц.Баярмаа