НОГООН ТАЛБАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) – ны санхүүжилтээр Техник Технологийн Дээд сургууль өнөөдөр Олон улсын стандартын шаардлага хангасан “Мини хөлбөмбөгийн талбай”-тай боллоо. Улаанбаатар хотын сургуулиудын талбайг засварлах, шинэчлэх энэхүү төслийн хүрээнд бүтээн байгуулагдсан тус талбайг 15-20 жилийн хугацаанд өөр зориулалтаар ашиглахгүй юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар хэлсэн үгэндээ: “Олон улсын стандартын шаардлагад нийцсэн энэхүү талбайг бүтээн байгуулахад олон хүний хүч, хөдөлмөр, сэтгэл шингэсэн. Хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан энэхүү талбайг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Техник Технологийн Дээд сургуулийн хамт олонд Монголын Хөлбөмбөгийн холбооны зүгээс гүн талархал дэвшүүлье. Ингэж талбай байгуулснаар л бид ирээдүй хойчдоо зориулсан, тэдэнд хэрэгцээтэй бүтээн байгуулалтыг хадгалж үлдэх боломжтой юм” гэж онцоллоо.

Харин Техник Технологийн Дээд сургуулийн ТУЗ-ын дарга Б.Нэмэхбаатар хэлсэн үгэндээ: “Өнөөдөр манай сургуулийн талбайд ийм сайхан бүтээн байгуулалт хийж өгсөн та бүхэнд баярлалаа. Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүй хойч үеээ энэ спортод дуртай болгоход бид бүх хүчээ зориулах болно” гэж онцолсон юм.

Хөлбөмбөгийн талбайн нээлтийн үеэр Монголын “50+ Ахмадын баг” болон “Улаанбаатарын Мазаалайнууд” клубын өсвөрийн багийн нөхөрсөг тоглолт болж талбайд бөмбөгийн анхны мөрийг үлдээсэн сайхан үйл явдал боллоо.

Facebook