Ниппон сангийн тэргүүн айлчиллаа

#Ниппон_сангийн_тэргүүн_айлчиллаа.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон улсын Ниппон сангийн тэргүүн Сасакава Ёохэи манай улсад айлчилж байна.

Энэ үеэр өнөөдөр эрхэм зочин Сасакава Ёохэи тэргүүтэй зочид төлөөгчдийг Техник Технологийн Дээд Сургууль – IET дээр тус сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Нэмэхбаатар, “Монгол Коосэн” Технологийн коллежийн Удирдах Зөвлөлийн дарга Наканиши Юүжи болон сургуулийн удирдлагууд хүндэтгэн хүлээн авч санал солилцлоо.

Хүндэт зочид сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, “Япон улсыг өндөр хөгжилтэй орон болоход үнэтэй хувь нэмэр оруулсан Коосэн коллежийг Монгол улсад утгаар нь нутагшуулан нэвтрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаад талархан цаашид бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.”

Ниппон сан, Ниппон сангийн дэргэдэх Сасакава энх тайвны сан нь олон улсын хэмжээнд дэлхийн энх тайвны төлөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энх тайван, аюулгүй байдлыг сахих, хамгаалах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, хүний нөөцийг хөгжүүлэх, олон улсын хурал, симпозиум зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлж уяман өвчинтэй тэмцэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг дэмжин санхүүжүүлж ирсэн билээ.

2011 оноос хойш Сасакава энх тайвны сан нь Монгол улсад томоохон судалгааг эхлүүлж улмаар 2013-аас 2019 оны хооронд Техник Технологийн Дээд Сургуультай хамтран Японы инженерийн боловсрол олгодог “Коосэн загварын сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах” төслийг анхлан хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд монгол залуу багш нарыг Японд мэргэжил дээшлүүлэн дадлагажуулах, япон багш нарыг Монголд урт болон богино хугацаагаар томилон ажиллуулах, ном сурах бичгээр хангах, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг хэрэгжүүлж байсан түүхтэй.

Өнөөдөр “Монгол Коосэн” Технологийн коллеж, “Шинэ Монгол” Технологийн коллеж, “ШУТИС-Коосэн” Технологийн коллеж байгуулагдан “Коосэн“ коллежийн үйл ажиллагааг явуулж байна. Эдгээр 3 Коосэнд өдгөө 1200 гаруй оюутан барилга, био, механик, цахилгаан, компьютерын шинжлэх ухаан, химийн инженерийн тус тус мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд 2019 оноос хойш нийт 500 гаруй оюутан инженерээр төгссөн байна.

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан нь Боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Коосэнгийн эрх зүйн орчныг сайжруулахын сацуу орон нутагт нэмж “Коосэн” сургууль байгуулах шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.

2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр.

Facebook