Дотоод дүрэм, журам

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

БАГШ, АЖИЛТНЫ АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТ, ЦАГ БҮРТГЭЛИЙН ТАЛААР МӨРДӨХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, цагийн бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
    1. Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 5 дугаар бүлэг, ТТДС-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д нийцүүлэн энэхүү журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Багш, ажилтны нийтлэг эрх, үүрэг

  • Ажлын цаг ашиглалтыг сайжруулах талаар санал бодлоо илэрхийлэх эрхтэй.
  • Багш, ажилтан нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.1.1, 8.1.2, 8.1.5 заалтуудыг мөрдөж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах үүрэгтэй.
  • Багш, ажилтан нь өглөө ажилдаа ирэх, орой ажлаас тарахдаа цаг бүртгэлийн машинд бүртгүүлэх, гадуур ажлаар явахдаа гадуур ажлын хуудсыг бөглөж алба, нэгжийн даргаасаа зөвшөөрөл авах үүрэгтэй.

Гурав. Ажлын цаг ашиглалт, цаг бүртгэл

  • Цагийн бүртгэл нь тухайн ажилтны хөдөлмөрийн хөлс авах үндэслэл болно.
  • Үндсэн ажилтан нь ажлын цагаа батлагдсан хуваарийн дагуу цаг бүртгэлийн машинд хурууны хээгээр бүртгүүлнэ. Гэрээгээр ажиллаж байгаа багш, ажилтан нь тухайн алба, нэгждээ цагаа бүртгүүлнэ.
  • Багш, ажилтан нь ажлын зайлшгүй шаардлагаар гадуур ажлаар явах тохиолдолд гадуур ажлын хуудсыг бөглөж алба, нэгжийн даргаасаа зөвшөөрөл авна.
  • Багш, ажилтан нь “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу чөлөө авах хүсэлтийг бичгээр гаргаж холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авна.  Багш, ажилтан нь өвчтэй үедээ холбогдох албан тушаалтан, хүний нөөцийн менежерт мэдэгдэж, эмнэлгийн магадлагааг хүний нөөцийн менежерт өгнө.
  • Ажлын шаардлагаар амралтын өдрүүдэд ажиллах тохиолдолд шууд удирдах албан тушаалтнаас урьдчилан бичгээр зөвшөөрөл авч,  харьяалагдах албаны дарга, эрхлэгчид бүртгүүлнэ.
  • Алба эрхэлсэн захирал, хүний нөөцийн менежер, мониторингийн менежер нь захирлаас, салбарын менежер нь алба эрхэлсэн захирлаас, багш, ажилтан нь хүний нөөцийн менежер, салбарын менежерээс цагийн болон 1-2 өдрийн чөлөө авна. Багш, ажилтанд 2 өдрөөс дээш хугацаагаар чөлөө олгох асуудлыг “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу шийдэх бөгөөд зөвшөөрлийг урьдчилан бичгээр авч, хүний нөөцийн менежерт өгнө.
  •  Алба эрхэлсэн захирал болон хүний нөөцийн менежер багш, ажилтны ажлын цаг ашиглалт, ирцэд байнгын хяналт тавих үүрэгтэй.
  • Алба, нэгжийн эрхлэгч нар “Өдөр тутмын ирц”-ийн мэдээллийг холбогдох тайлбарын хамт /чөлөө, илүү цаг / сарын бүрийн 12, 26-ны өдрүүдэд алба эрхэлсэн захирлууд болон хүний нөөцийн менежерт ирүүлнэ. Өдөр тутмын ирцийн мэдээлэл ирүүлэх хугацаа нь амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарвал 1-2 өдрийн өмнө, хойно байж болно.
  • Цаг бүртгэлийн програмд засвар, өөрчлөлт хийхийг хатуу хориглоно. Цаг бүртгэлийн програмын найдвартай, хэвийн ажиллагаанд хүний нөөцийн менежер, мэдээллийн технологийн ажилтан хяналт тавина.
  • Багш, ажилтан нь хариуцсан ажлаа цаг хугацаанд нь багтааж хийгээгүйгээс болж илүү цаг ажилласан тохиолдолд илүү ажилласан цагийн хөлс олгогдохгүй.
  • Багш ажилтан нь ажлын цагаар компьютер дээр тоглох, олон нийтийн сүлжээнд орох, хувийн ажлаа компьютер болон сургуулийн тоног төхөөрөмж дээр хийх, хэвлэх, олшруулах зэрэг зөрчил гаргавал ажил тасалсан гэж үзнэ.
  • Багш, ажилтан ажлын цагаар зөвшөөрөлгүй гарч явах, сэлгүүцэх хориотой.
  • Багш, ажилтны цаг бүртгэлийн сарын тайланг батлагдсан маягтын дагуу гаргана.
  • Багш, ажилтан нь өөрийн буруутай үйлдлээс цагийн бүртгэлийн машинд эвдрэл, гэмтэл     учруулвал (хуруу мэдрэгчийг гэмтээх, машиныг унагаах г.м) гэмтлийг бүрэн хариуцна.  

Дөрөв.  Хариуцлага

  • Багш, ажилтан нь 2 цаг хүртэл хугацаагаар ажлаас хожимдсон тохиолдолд 1 минутыг 50 төгрөгөөр тооцож цалингаас суутгана (1 цаг 3000 төгрөг, 2 цаг 6000 төгрөг), 2 цагаас илүү хугацаагаар хоцорвол ажил тасалсанд тооцно.
    • Алба эрхэлсэн захирал, хүний нөөцийн менежер нь багш, ажилтны ажлын ирц, цаг ашиглалтын талаар тухайн багш, ажилтнаар тайлбар гаргуулах, сануулга өгөх эрхтэйгээс гадна энэхүү журмыг зөрчсөн багш, ажилтанд Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 131 дүгээр зүйл, ТТДС-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
    • Багш ажилтан нь ТТДС-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр дараалан ажил тасалсан, ажил тасалсан цагийн нийлбэр нь сард 8 цагаас илүү гарсан тохиодолд  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар  цуцална.
    • Багш, ажилтан нь цаг бүртгэлийн машинд бүртгүүлээгүй, удирдах албан тушаалтнаас бичгээр чөлөө аваагүй тохиолдолд тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцож, хөдөлмөрийн хөлснөөс хасна.
    • Нягтлан бодогч нь захирлын зөвшөөрлийг үндэслэн багш, ажилтны цалин хөлсийг бууруулж суутгал хийнэ.

Facebook