ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТАД 2019 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1  Техник технологийн дээд сургууль нь оюутан элсүүлэхдээ “Боловсролын тухай” хууль, “Дээд боловсролын тухай” хууль, БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаал, БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/, БСШУС-ын сайдын 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн  А/195 тоот тушаал болон энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

1.2 Оюутан элсүүлэх ажлын зорилго нь элсэгчдийн хүсэл, сонирхол, сурах чадвар, мэдлэгийн түвшин, авъяасыг бодитойгоор үнэлж цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

1.3 Оюутан элсүүлэх ажлыг захирлын тушаалаар батлагдсан сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна. Гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах дэг журам, элсэгчдийн материалыг шалгах, өргөдөл гомдол, мэргэжил сонголт, шалгаруулалттай холбоотой аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэх, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг элсэлтийн комисс хариуцан зохицуулна.

1.4  Оюутан элсүүлэх ажлыг Удирдах зөвлөлөөс тогтоосон мэргэжил, хяналтын тоог баримтлан зохион   байгуулна.

1.5  Элсэлтийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг сургууль хариуцна.

1.6 Элсэлтийн зар сурталчилгаа, үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ сонгох боломжийг хангасан байна.

1.7 Элсэлтийн журам болон бусад холбогдох мэдээллийг тус сургуулийн www.iet.edu.mn вэб сайтад байрлуулж, сургууль мэргэжлээ сурталчлах ажлыг Үйлдвэрлэл маркетингийн алба хариуцан гүйцэтгэнэ.

1.8  Оюутан элсүүлэхдээ хандив, бусад төлбөр, хураамж авахыг хориглоно.

 

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

 

2.1 Элсэгч нь суралцах мэргэжлээ сонгосон, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авъяас, бэлтгэлтэй, бүрэн дунд, мэргэжлийн боловсрол буюу түүнээс дээш боловсролтой байна.

2.2 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь монгол хэл, бичгийн шалгалт болон ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадварыг тогтоох зорилго бүхий элсэлтийн Ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгнө.

2.3  Элсэлтийн ерөнхий шалгалт нь монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, монголын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.

2.4 Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог тухайн үед үндэсний хэмжээнд тогтоосон босго оноогоор тооцно. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн тухай  баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

2.5 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч ТТДС-д элсэх болзол хангасан элсэгч өөрийн суралцах бэлтгэл, авъяас чадвар, туршлага, хувийн зан чанар хэрхэн суралцахаа илэрхийлсэн эссэ бичлэг бичиж элсэлтийн комисст заавал ирүүлж дүгнүүлсэн байна.

2.6 Техник технологийн дээд сургуульд дараах тохиолдолд иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулна. Үүнд:

2.6.1   Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших

2.6.2 Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийн дагуу бакалаврын хөтөлбөрт өдрийн болон эчнээ сургалтанд элсэх суралцагч

2.6.3  1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдах суралцагч

2.6.4 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн

2.6.5 Гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах

2.7 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгч нь ерөнхий чиглэлээр суралцсаны дараа суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн багцын хөтөлбөрүүдээс мэргэжлийн сонголт хийж үргэлжүүлэн суралцаж төгсөнө.

2.8 Бакалаврын эчнээ сургалтад элсэгч нь энэхүү журмын 3.6-д заасан материалыг бүрдүүлж элсэнэ. Энэ тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалт хамаарахгүй.

2.9 Хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй болон техникийн боловсролын хөтөлбөрт хамаарах багц цагийг бүрэн судалсан элсэгчийн судалсан кредитыг “Кредит дүйцүүлэх журам”-аар зохицуулна. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.

 

Гурав. Элсэлтийн бүртгэл

 

3.1 2019-2020 оны хичээлийн жилийн дээд боловсролын элсэлтийн бүртгэл 2019 оны 05 сарын 01-өөс  эхэлнэ.

3.2 Элсэлтийн үйл ажиллагаа тус сургуулийн элсэлтийн хяналтын тоо дууссан тохиолдолд дуусгавар болно.

3.3 Элсэхээр бүртгүүлэгч нь сургуулийн www.iet.edu.mn/elselt хаягаар болон ЭЕШ-ын дараа аймаг, орон нутагт ажиллах ТТДС-ийн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлнэ. Улаанбаатар хотод  хичээлийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлж болно.

3.4 ТТДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгч, энэ журмын хавсралтад заасан хөтөлбөрт хамаарах 2-с доошгүй хичээлээр ерөнхий шалгалтанд тавигдах босго онооны болзлыг хангасан байна.

3.5 Элсэлтийн үед бүрдүүлэх материалыг хуурамчаар бүрдүүлсэн, материал бүрдэлт дутуу зэргээс холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

3.6 Элсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

 

Бакалаврын өдрийн хөтөлбөр Бакалаврын эчнээ болон магистрын хөтөлбөр
1. Тусгай загварын өргөдөл 1. Тусгай загварын өргөдөл
2. Боловсролын гэрчилгээ, диплом 2. Бакалаврын диплом, Диплом
3. Хувийн хэрэг 3. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар
4. Ерөнхий шалгалтын батламж, монгол хэл бичгийн шалгалтын батламж 4. 3х4 хэмжээтэй тухайн оны фото зураг /4%/
5. Өөрийн болон эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар 5. Ажил эрхэлдэг бол ажлын газрын тодорхойлолт
6. 3х4 хэмжээтэй тухайн оны фото зураг /4%/ 6. Элсэгчийн эссэ / Суралцах төлөвлөгөө /
7. Элсэгчийн эссэ / Суралцах төлөвлөгөө /

 

Дөрөв.Оюутан элсүүлэх шалгаруулалт

 

4.1 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдээс ерөнхий шалгалтын босго давсан оноогоор хөтөлбөр  бүрээр жагсаан хяналтын тоог баримтлан элсүүлнэ. / Хавсралт-1 /

4.2 Архитектурын мэргэжлээр элсэгчдээс хугацаа зарлан хар зургийн ур чадварын түвшин тогтоох    нэмэлт шалгалтыг өөрийн сургууль дээр авч ерөнхий шалгалт, нэмэлт шалгалтын онооны дундажаар жагсаан элсүүлнэ.

4.3 Элсэх болзол хангаж хяналтын тоонд багтсан хүмүүст хариуг тухай бүрт  цахим хаягаар болон хичээлийн байранд мэдэгдэж, суралцах эрхийн бичиг олгох үйл ажиллагааг зохион байгуулна.

4.4 Элсэгч нь тэнцсэн тухай мэдээллээ авч,суралцах эрхийн бичгээ авснаар сургалтын гэрээг сургуулийн оюутны үйлчилгээний хэлтэстэй байгуулна.

 

Тав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх

 

5.1 ТТДС-д элсэн суралцагчдыг элсэж буй нөхцөл, нийгмийн байдал , авъяас чадварыг дэмжиж хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх асуудлыг ТТДС-ийн захирлын 4-р сарын 17-ны өдрийн 59 тоот тушаалаар батлагдсан  “ТТДС-д элсэгчдэд төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал олгох журам”-ыг баримтлан зохицуулна.

5.2 Элсэгчдэд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, урамшууллыг эдлүүлэхдээ давхцуулж олгохгүй.     Давхцсан тохиолдолд элсэгч аль нэгийг өөрөө сонгоно.

 

                                                Зургаа. Шинээр элссэн оюутныг бүртгэх

 

6.1 Элсэх болзол хангаж, суралцах эрхийн бичгээ авсан элсэгчдийг 2019 оны 08 сарын 26-30-ний өдрүүдэд бүртгэж оюутны код олгоно.

6.2 Элсэлттэй холбоотой мэдээллийг электрон сан бүрдүүлэн архивлана.

 

Долоо. Бичиг баримт буцаан олголт, хариуцлага

 

7.1 Сургуультай холбоогүй болсон бүртгүүлэгчид 8 сарын 26-наас 10-р сарын 1-ны дотор бичиг

баримтаа буцаан авч болно.

7.2 Элсэгч нь хуваарь буцаан эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд 1 кредиттэй тэнцэх

үйлчилгээний төлбөр төлнө.

7.3 Оюутан элсүүлэх явцад хандив авсан болон энэхүү журмыг зөрчсөн багш, ажилтанд хариуцлага тооцно.

 

Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим

 

8.1 Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн удирдах зөвлөл

тогтооно.

8.2 Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчмыг “Сургалтын гэрээ”-ээр зохицуулна.